И Жэ Мён: Хууль бусаар оршин сууж буй иргэдийн хохирлыг барагдуулахгүйгээр хөөн гаргаж болохгүй

И Жэ Мён: Хууль бусаар оршин сууж буй иргэдийн хохирлыг барагдуулахгүйгээр хөөн гаргаж болохгүй


   Өмнөд Солонгосын Цагаачлалын тухай хуулийн 84 дүгээр зүйлд “Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гадаад иргэний хууль бусаар оршин сууж буйг илрүүлсэн тохиолдолд харьяа Цагаачлалын албанд эсвэл яаманд мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байдаг тул тус улсад хууль бусаар ажиллаж буй гадаадын иргэд албадан буцаагдах бий гэсэн айдсын улмаас цалингаа нэхэмжилж гомдол гаргахаас зайлсхийн хохирсоор ирсэн байна. Иймд тус улсын Хүний эрхийн комисс өнгөрсөн оны долоодугаар сард Хууль зүйн сайдад цалин хөлсний маргаан зэрэг хөдөлмөрийн хууль тогтоомжийн зөрчилтэй холбоотой асуудал бүхий гадаадын иргэдийг дээрх мэдэгдэх үүргээс чөлөөлөх саналыг хүргүүлсэн боловч Хууль зүйн яам нь мөн оны 11 дүгээр сард зөвлөмжийг хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар энэ оны тавдугаар сард НҮБ-аас Өмнөд Солонгосын Засгийн газарт зөвлөмж хүргүүлснээр уг асуудлыг илүү өргөн хүрээнд анхаарах болжээ. Иймд есдүгээр сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгч И Жэ Мён “Зарим ажил олгогч визгүй иргэдийг албадан гаргавал цалин олгохгүй гэж үзэн зориудаар цалинг нь саатуулж байгаад Цагаачлалын албанд барьж өгч байгаа нь улс орныг ичгэвтэр байдалд оруулж байна. Тэднийг хууль бусаар оршин сууж байсан гээд хохирлыг нь барагдуулахгүйгээр шууд хөөн гаргаж болохгүй, цалингаа авах хүртэл нь оршин суух асуудлыг авч үзэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Мэдэгдлийн дараа Хууль зүйн яам мэдэгдэл хийж, Цагаачлалын тухай хуулийн 84 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулан цалингийн маргаантай байгаа гадаадыг ажилчдыг Цагаачлалын албанд мэдэгдэхээс чөлөөлөх зохицуулалт оруулахаар болсныг мэдээлэв. Түүнчлэн энэ сарын 4-ний өдрөөс эхлэн Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас гадаад ажилчин олноор ажиллуулдаг салбарууд, хөдөлмөрийн менежмент сул ажил олгогчдыг сонгон хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн ба тус шалгалтын гол зорилго нь олгогдоогүй цалингийн асуудлыг шийдвэрлэх болон гадаад ажилчдад цалин хөлс олгохгүйгээр нутаг буцаах асуудлаас урьдчилан сэргийлэхэд чиглэжээ.

Эх сурвалж: Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.